Зөвлөгөө
Ой тогтоолтоо сайжруулах уу? | |
Ажил эрхэлж буй хүний үйл ажиллагаа түүний ой тогтоолтын боломжтой ямар нэг байдлаар нягт уялдаатай байдаг нь эргэлзээгүй. Иймд ой тогтоолтын чадавхаа хөгжүүлэх, сайжруулахыг сонирхдоггүй хүн гэж байхгүй буй заа. Өөрийн ой тогтоолтын нуугдмал боломжийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хүн бүрийн хийж чадах хялбар зүйл юм. Үүний тулд цээжлэх материалаа зөв зохион байгуулж дараах цээжлэх аргуудыг эзэмшээрэй. 1. Цээжлэх гэж буй зүйлийнхээ агуулгыг урьдаар сайтар ойлговол цээжлэхэд амар байна. Үүний тулд материалын гол ба гол бус хэсгийг олж утгын хувьд ангилах хэрэгтэй. Уншсан зүйлийнхээ агуулгыг тайлбарлах, төлөвлөгөө зохиох, тулгуур үг, дохиоллыг цээжлэн бичвэрийг өөрийн үгээр илэрхийлэх зэрэг дасгал хийвэл сайн. Эхлээд ойлгож ухаарахын тулд аажим удаан, дараа нь арай хурдан хэлбэрээр цээжилбэл зүгээр. Их том хэмжээний сэдвийг тодорхой шинж тэмдгээр нь жижиг бүлэг болгон цээжилбэл хялбар. Нэг сэдэвчилсэн утга бүхий хэсэг амархан цээжлэгддэг. Аливаа зүйлийг цээжлэх явцдаа системчлэх нь зөв. Ялангуяа адил ба ялгаатай талыг олж таних чадвар онцгой хэрэгтэй. 2. Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж зэрэг нь юм цээжлэх тогтооход чухал нөлөөтэй. Цээжилж буй зүйлдээ сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс оруулбал илүү сайн тогтооно. Сэтгэлийн эерэг хөдөлгөөний аястай зүйлийг цээжлэхэд жирийн зүйлийг цээжлэхээс хялбар байна. Харин сөрөг өнгө аястай зүйлийг цээжлэхэд жирийн зүйлээс хялбар бус байх жишээтэй. Гэхдээ хэт их сэтгэл догдолбол аливаа зүйлийг цээжлэхэд садаатай. Мэдээлж буй зүйлийг шимтэн сонирхвол амархан тогтоож, эргээд санахдаа ч хурдан байна. 3. Ой тогтоолт нь хүний бусад чадавхуудын нэгэн адил дасгал сургуулилтын үр дүнд хөгждөг. Тогтоох цээжлэх дасгал хийхдээ цээжилж буй материалаа бодит үйл ажиллагаатайгаа уялдуулбал сайн тогтоох болно. Цээжилж буй зүйлээ ажил үйлсдээ аль болох өргөн ашиглахуйц янз бүрийн дасгал хийх, жишээ нь бодох хэрэгтэй. 4. Аливааг цээжлэхдээ ой тогтоолтын төрөл зүйлийг хэдийчинээ өргөн ашиглана төдийчинээ ягштал сайн цээжилж, эргэн санах боломжтой. Иймд ой тогтоолтын бүх төрлийг дасгал сургуулилтаар өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Хүн оюуны ямарч ажлын үед хийж буй зүйлээ түр солих замаар амарч болдог. Энэ зарчим ой тогтоолтонд ч бас сайн нөлөөлнө. Иймд хэт ядрахгүйн тулд ой тогтоолтын төрлүүдийг ээлжлэн хэрэглэж сурах нь чухал. 5. Ой тогтоолтыг сайжруулах бас нэг үндсэн нөхцөл бол давтлага юм. Давталтыг яаж сайн зохион байгуулахыг мэдэх нь чухал. Анхны давтапт болон эргэн санах давтамжийг ойртуулах нь чухал. 15-20 минутын дараа дахин давтсан зүйл мартагддаггүй. Харин гурав дахь давталтыг 8-9 цагийн дараа, дөрөв дэхийг 24 цагийн дараа хийвэл зохино. Өөрөөр хэлбэл давталтын хоорондын зай цаашдаа уртсаж байна. Давталтын үед хэт ядарч болохгүй, ойр ойрхон завсарлаж байх хэрэгтэй. Орой унтахын өмнө, мөн өглөө эрт толгой сэргэг байх үед давтвал ашигтай. Аливаа мэдээллийн эхлэх төгсгөл сайн цээжлэгддэг. Харин гол хэсгийг цээжлэхэд илүү их хугацаа зарцуулдаг. Иймд цээжлэх ёстой зүйлийнхээ гол хэсэгт байгаа мэдээллийг эхэнд нь, эсвэл төгсгөлд нь байхаар үндсэн давталтыг сэлгэх нь зүйтэй. |