I. Нийгмийн үзүүлэлт Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 оны эхний улирлын байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 6.1, нас баралт 1.6, хүн амын ердийн цэвэр өсөлт 4.5 байна. Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний улиралд 16875 болж, өмнөх оны мөн үеийнхээс 540 хүүхдээр буюу 3.3 хувь, амаржсан эх 16823 болж 545 эхээр буюу 3.3 хувиар тус тус нэмэгджээ. Нэг хүртэлх насандаа 383 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 48 хүүхдээр буюу 14.3 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 101 болж 54 хүүхдээр нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 8 болж 4 эхээр буурсан байна. Ажиллах хүчний судалгааны 2009 оны жилийн эцсийн дүнгээр нийт 131.6 мянган ажилгүй иргэд байгаа бөгөөд тэдгээрээс 51.8 мянга буюу 39.3 хувь нь эмэгтэйчүүд байна. 2009 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болов. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 3 дугаар сарын эцэст 37.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2355 хүн буюу 6.8 хувиар өсчээ. Ажилгүйдлийн энэхүү өсөлтөнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Төв (445 хүн), Ховд (448 хүн), Увс (465 хүн), Баянхонгор (557 хүн), Дархан-Уул (592 хүн), Завхан (704 хүн) аймагт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ... Нийгмийн даатгалд 2010 оны эхний улиралд 397.5 мян. хүн хамрагдаж, шимтгэл төлж байгаагийн 234.9 мян.хүн буюу 59.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 162.6 мян.хүн буюу 40.9 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны эхний улиралд нийт 83.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны 72.9 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.5 хувийг тэжээгчээ алдсаны, 6.8 хувийг цэргийн тэтгэвэр тус тус эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 173.0 мян.хүнд олгож, 11.2 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая.хүн буюу 86.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 22.7 тэрбум төгрөг буюу 67.0 хувиар тус тус буурчээ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70.0 мянган төгрөгийг энэ оны эхний улиралд олгож эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 1.1 сая иргэнд 78.8 тэрбум төгрөг олгогджээ. Халдварт өвчнөөр 2010 оны эхний улиралд 7.7 мянган хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 1349 хүн буюу 14.9 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 489 хүн буюу 68.7 хувь, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 579 хүн буюу 30.4 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 244 хүн буюу 20.7 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 210 хүн буюу 16.4 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 169 хүн буюу 11.0 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 48 хүн буюу 10.3 хувиар тус тус буурч, харин сүрьеэгээр өвчлөгчдийнтоо 82 хүн буюу 8.0 хувиар өссөн байна. Манай улсад 2010 оны 3 дугаар сард томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын 1 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. 2010 оны эхний улирлын байдлаар ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ ДОХ-ын 66 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний улирлын байдлаар 4671 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 451 хэргээр буюу 8.8 хувиар буурчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргүүд 25.1-43.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
II. Макро эдийн засгийн үзүүлэлт Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 3 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 7.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар тус тус өслөө. Тээврийн болон боловсролын үйлчилгээний бүлгээс бусад бүлгийн үнэ дүнгээрээ 0.2-15.8 хувь нэмэгдсэн нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өмнөх оны жилийн эцсийнхээс 7.4 хувь өсөхөд нөлөөлжээ. Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны 3 дугаар сарын эцэст 2974.5 тэрбум төг-т хүрч, өмнөх сарынхаас 7.4 тэрбум төг. буюу 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 621.9 тэрбум төг. буюу 26.4 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 3 дугаар сарын эцэст 384.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төг. буюу 9.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 46.2 тэрбум төг. буюу 13.7 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 3 дугаар сарын эцэст 2721.8 тэрбум төг-т хүрч, өмнөх сарынхаас 6.0 тэрбум төг. буюу 0.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 50.0 тэрбум төг. буюу 1.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 3 дугаар сарын эцэст 149.4 тэрбум төг-т хүрч, өмнөх сарынхаас 2.1 тэрбум төг. буюу 1.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 17.2 тэрбум төг. буюу 13.0 хувь өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 3 дугаар сарын эцэст 416.5 тэрбум төг. болж, өмнөх сарынхаас 28.2 тэрбум төг. буюу 6.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 150.8 тэрбум төг. буюу 1.6 дахин нэмэгдсэн байна. Үнэт цаасны арилжаа 2010 оны 3 дугаар сард 22 удаа явагдаж, 3.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 11.7 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Арилжигдсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 7.8 сая ш буюу 3.0 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 11.0 сая ш буюу 16.4 дахин өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний улиралд 554.8 тэрбум төг., нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 664.0 тэрбум төг. болж, нийт тэнцэл 109.2 тэрбум төг-ийн алдагдалтай гарлаа. Төсвийн урсгал орлого 539.7 тэрбум төг., урсгал зардал 512.6 тэрбум төг. болж, урсгал тэнцэл 27.1 тэрбум төг-ийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 203.1 тэрбум төг. буюу 73.3 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 69.6 тэрбум төг. буюу 13.5 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 41.0 тэрбум төг. буюу 68.6 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 39.8 тэрбум төг. буюу 97.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 3.1 тэрбум төг. буюу 5.6 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 13.2 тэрбум төг. буюу 73.0 хувь, навигацийн орлого 4.5 тэрбум төг. буюу 2.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2010 оны эхний улиралд 664.0 тэрбум төг. болж өмнөх оны мөн үеийнхээс 223.2 тэрбум төг. буюу 50.6 хувиар өсөхөд татаас, шилжүүлэг 82.6 тэрбум төг. буюу 46.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2010 оны эхний улиралд 41.4 тэрбум төг. зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.6 тэрбум төг. буюу 49.2 хувиар өссөн байна. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 17.1 тэрбум төг. буюу 72.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Манай улс 2010 оны эхний улиралд дэлхийн 103 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1076.2 сая ам.доллар, үүнээс экспорт 499.0 сая ам.доллар, импорт 577.2 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний улиралд 78.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.7 сая ам.доллар буюу 9.3 хувиар нэмэгдэв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 360.0 сая ам.доллар буюу 50.3 хувь, үүний дотор экспортын хэмжээ 176.7 сая ам.доллар буюу 54.8 хувь, импортын хэмжээ 183.3 сая ам.доллар буюу 46.6 хувиар өсчээ. Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд цайрын баяжмал үнийн дүнгээрээ 4.9 дахин, төмрийн хүдэр үнийн дүнгээрээ 3.0 дахин, жоншны хүдэр, баяжмал үнийн дүнгээрээ 1.9 дахин, нүүрс үнийн дүнгээрээ 5.0 дахин, боловсруулаагүй нефть үнийн дүнгээрээ 5.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт 2010 оны эхний улирлын байдлаар 2.7 сая эх мал буюу оны эхэнд тоологдсон нийт эх малын 14.5 хувь нь төллөсөн байна. Нийт 2130.8 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2702.1 мянгаар буюу 2.3 дахин бага байна. Улсын хэмжээгээр 2010 оны эхний улирлын байдлаар 3.8 мянган тэмээ, 207.5 мянган адуу, 347.3 мянган үхэр, 2501.5 мянган хонь, 3250.7 мянган ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 14.3 хувьтай тэнцэх 6310.8 мянган том мал зүй бусаар хорогдоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 сая толгой буюу 10.6 дахин дээгүүр байгаа юм. Нийт хорогдсон малын 51.5 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2010 оны эхний улирлын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 394.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 46.4 тэрбум төг буюу 13.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөнд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал болон цайр, хайлуур жоншны баяжмал, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, амтат ус, ундаа, жүүс, тамхи, цемент, шохой, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөллөө. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (63.6%), газрын тос, шатдаг хий олборлолт (3.3 дахин), бусад ашигт малтмал олборлолт (8.6%), боловсруулах аж үйлдвэрийн салбарт: хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (59.7%), тамхи үйлдвэрлэл (35.1%), хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (38.4%), цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт (38.2%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (30.8%), зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ. Улсын хэмжээнд 2010 оны эхний улиралд нийт 8.4 тэрбум төг барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 4.0 тэрбум төг буюу 47.7 хувь нь дотоодын, 4.4 тэрбум төг буюу 52.3 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Бүх төрлийн тээврээр 2010 оны эхний улиралд 5.0 сая т ачаа, давхардсан тоогоор 61.0 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 696.1 мян.тн-оор буюу 16.1 хувь, зорчигчдын тоо 12.7 сая хүн буюу 26.2 хувиар тус тус нэмэгджээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачааны өсөлтөд өмнөх оны мөн үеийнхээс авто тээврээр тээсэн ачаа 124.9 мян.тн буюу 10.4 хувиар, төмөр замын тээврээр тээсэн ачаа 571.1 мян.тн буюу 18.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр зорчигчид давхардсан тоогоор 12.6 сая хүнээр, төмөр замынх 35.6 мянган хүн, агаарын тээврийнх 19.9 мянган хүнээр тус тус өсчээ. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр 2010 оны 3 дугаар сард хамгийн их тунадас (20.9 мм) Баян-Өлгий аймгийн Булган суманд орсон байна. Энэ сард агаарын хамгийн их температур Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 21.1 хэм дулаан, хамгийн бага температур Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -46.0 хэм хүйтэн, цасан бүрхүүлийн хамгийн их зузаан Ховд аймгийн Үенч суманд 61 см байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Бугат сум, Өмнөговь аймгийн Булган суманд 40 м/сек хүрсэн байна. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2010 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 8 удаа, 1-р хороолол орчимд болон 32-ын тойрог орчимд тус бүр 5 удаа, Офицеруудын ордон орчимд 3 удаа, хүхэрлэг хийн агууламж Хан-Уул дүүрэг орчимд 24 удаа, Офицеруудын ордон орчимд 23 удаа, 32-ын тойрог орчимд 21 удаа, 13-р хороолол орчимд 20 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 1-р хороололд 29 удаа, 13-р хороололд 22 удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр аюулт үзэгдэл, осол 2010 оны эхний улиралд 783 удаа гарчээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 192.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 57 хүн амь насаа алдаж, зудны гамшгийн улмаас 5.5 сая мал хорогдсон байна. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 720 удаа, хүчтэй цасан болон шороон шуурга 11 удаа, газар хөдлөлт 8 удаа бүртгэгджээ. |